Хүүхэд бага насандаа сурч боловсорч,
тоглож наадаж байх ёстой. Харамсалтай нь манай гариг дээр өнөөдөр 250
мянга гаруй хүүхэд тоглоомынхоо оронд галт зэвсэг, буу бариад байлдаж
явна. Тэдний зарим нь Засгийн газрынхаа талд байлдаж, нөгөө нь
босогчдын талд, өрөөр хэлбэл хүүхдүүд өөр хоорондоо тоглоомон буугаар
биш жинэхэн галт зэвсгээр байлдаж байна. Ийм хүүхдүүдийн дундаж нас
10-12 байгаа бол ийм байлдаан болж байгаа газруудад хамгийн ихээр
тархсан АК-47 бууг эзэмшиж сурахад ердөө л 40 минут шаардлагатай байдаг
гэнэ.
Сомалийн лалын шашны алан
хядагч"Аль-Шабаб" бүлэглэлийн радио станц рамадан сарын баяр угтаж 10-17
насны хүүхдүүдийн дунд Коран судрыг уншлага, ерөнхий мэдлэгийн
уралдаан зарлахдаа шагналд нь АК-47 автомат, гар бөмбөг, хэдэн зуун
доллар гардуулж байна. Шагнал гардуулах үеэрээ "Аль-Шабаб" байгууллагын
төлөөлөгч Мухтар Робоу "Хүүхэд өнөөдөр нэг гараараа мэдлэг олж авах
ёстой бол исламыг хамгаалахын тулд нөгөө гартаа зэвсэг барих ёстой" гэж
мэдэгдэж байгаа юм.
Байлдаж байгаа бага насын хүүхдийн
тоогоороо өнөөдөр Африк тив толгой цохиж энд үндсэндээ 10 хүүхдийн нэг
нь зэвсэг барьж байна. Тэдний дундаж нас 10-12 байгаа бол зарим зэвсэгт
бүлэглэлд найман настай "дайчин"-тай ч тааралдана. Сомалид бол хүүхдүүд
хүүхэдтэйгээ дайтна. Зэвсэгт бүлэглэлүүд нь охид хөвгүүдийг "цэрэгт
татах" нь жилээс жилд нэмэгдэж байна. Өмнө дурдсан "Аль-Шабаб"
бүлэглэлийн дайчдын бараг 80 хувь нь насанд хүрээгүй хүүхэд.
Магодишо дахь Хүний эрхийг хамгаалах
төвийн хэвлэлийн төлөөлөгч Али Шейх Ясины хэлж байгаагаар бол Сомалийн
засгийн газрын цэрэгт ч 20 хувь нь хүүхэд байгаа гэнэ. Зарим нь бүр
таван кг жинтэй автомат буугаа авч явахад ч хүнддэхээр насных байдаг
байна. Харин Засгийн газар тэдэнд өдрийн 1,5 долларын цалин өгдөг аж.
Өөр бас нэг аймшигтай зүйл нь Засгийн газар тэдэнд хангалттай хоол
тэжээл өгдөггүй. Сургуульд сурах тухай бол санахын ч хэрэггүй, яагаад
гэвэл цэргийн алба ажил ихтэй, тэгээд ч олон мужид нь сургууль байхгүй.
Уг нь НҮБ-ын баримтаар бол байлдааны ажиллагаанд 15 хүртэлх насны
хүүхэд оролцуулах нь цэргийн гэмт хэрэг. 15 хүртэлх насны хүүхдийг
цэргийн үйл ажиллагаанд оролцуулахыг хориглосон Хүүхдийн эрхийг
хамгаалах олон улсын конвенцид ердөө АНУ, Сомали хоёр улс л нэгдээгүй
юм байна. Гарын үсэг зурж нэгдсэн орнууд ч биелүүлэхгүй байгаа нь дээр
дурдсан баримтуудаас ил байна. Бүгд найрамдах Ардчилсан Конго, Чад,
Судан, Угандагийн түшмэлүүд ч гэсэн хүүхдийг цэрэгт татаж байгаа. Төр
засаг нь ингэж байхад босогчид бол бүр хамаагүй.
Цэргээс халах ажиллагаа
Зэвсэгт мөргөлдөөн болж байгаа газруудад
хүүхдүүд хэдэн янзаар цэрэгт ордог, Зарим нь амьдралаа дээшлүүлэх гэж
сайн дураараа орох нь бий. Гэтэл алагдаж шархдахаас эхлээд өлсч цангах
гээд бэрхшээл нь ойлгомжтой.
Нөгөө нэг хэсэг нь өөрсдийнхөө аюулгүй
байдлыг хангахын тулд босогчдод хүүхдээ алба хаалгана. Харин цаад эзэд
нь хүүхдийг төрөлх тосгоноос нь, гэр бүлээс нь бүрэн ангижруулахын тулд
хөршийг нь юм уу, төрөл төрөгсдөөс нь нэгийг алуулна. Нэгэнт ингэсэн
хүүхэд эргэлт буцалтгүй "дайчин" болно. НҮБ-ын судалгаагаар "хүүхэд
дайчин"-ы бараг 40 хувь нь охидууд байна. Тэднийг алуурчин, тагнуул
болгохоос гадна татвар эм болгоно.
Зэвсэгт мөргөлдөөнөөр хохирч байгаа хүүхдийн талаар хэн хариуцлага хүлээх вэ
Зэвсэгт мөргөлдөөнөөс болоод дэлхий
даяар сая сая хүүхэд хохирч золиос болж байна. Тэд үхэж, амь алдаж,
хүчирхийллийн золиос болж, сэтгэлзүйн шарх олж, үлдсэн амьдралаа
хэрхэхээ мэдэхгүй болж байна. Засгийн газрын цэрэгт ч босогчдын талд ч
ялгаагүй. Тэд хар багаасаа ийнхүү зэрлэг алуурчин, гэмт хэрэгтэн болж
байна.
Тэгээд үүнийхээ хариуцлагыг тэд яаж
хүлээх юм. Үүнийг шийдэх гэж "Зэвсэгт мөргөлдөөний үе дэх хүүхдийн
үйлдсэн гэмт хэргийг шүүх харилцаа" гэсэн илтгэлийг НҮБ гаргасан. 1992
онд Босни-Герцеговинод дайн болж бараг дөрвөн жил үргэлжилсэн. Энэ
хугацаанд 10 мянган хүн нас барсны 1500 нь хүүхэд байжээ.
|